Хилээ нээхгүйгээр хэвийн горимд шилжлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, УОК-ын мэдээллийг сонсож, дараах шийдвэрийг гаргалаа.

Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгав. Гэхдээ зарим хязгаарлалтыг цуцаллаа.

Коронавируст халдварын салбар дундын 12 дахь шатны эрсдлийн үнэлгээний дүн, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлыг дотооддоо алдаагүй зэргийг харгалзан сургуулийн өмнөх болон бүх шатны боловсролын байгууллагуудын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний  өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүллээ. Мөн хоёр настай хүүхдүүдийг хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг болон бусад зөвшөөрөгдсөн хүүхэд харах үйлчилгээнд ялгаварлалгүйгээр хамруулахыг холбогдох байгуулагуудад үүрэг болголоо.

Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн хэвийн горимд шилжүүлэв. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг заавар зөвлөмжийн дагуу тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллахыг аймаг нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Харин агаарын болон, автотээврийн төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31 хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлээд байна.

Гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирж буй болон бусад шалтгаанаар тусгаарлалтад орсон иргэдийг 21 хоногийн тусгаарлалтаа дуусгасны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног шилжүүлдэг байсныг цуцаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах  хэлтсээс мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү