Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган 2008 оны энэ өдөр олимпын аварга болж байв

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган 2008 оны наймдугаар сарын 24-нд буюу энэ өдөр Бээжингийн олимпын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж олимпын аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон билээ.

Тэрбээр зуны XXIX олимпын наадмын боксын тэмцээний 54 кг-д хүч, хурд, ур чадвараа сорихдоо эхний тойрогт Мексик Улсын боксчин Оскар Вальдезийг 15:4 -өөр, хоёрдугаар тойрогт Ирландын боксчин Жон Жо Невинийг хоёр удаа хүнд цохилтод /нокдаун/ оруулж 9:2-оор тус тус ялж, дараа нь Ботсван улсын тамирчин Хүмисо Игкополенгийг 15:2-оор илүүрхэн ялсан юм.

Улмаар хагас шигшээ тулаанд Молдова Улсын боксчин Вячеслав Гожаныг 15:2-оор мөн л илт давамгай ялсан юм.

Олимпын аварга Э.Бадар-Ууганы хувьд 13 настайгаасаа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзоригийн шавь болж боксын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 10 жил энэ спортоор уйгагүй хичээллэн амжилтаа ахиулсаар, 2008 онд Бээжингийн зуны ХХIХ олимпын наадмаас хоёр дахь алтан медалийг эх орондоо авч ирж, боксын спортоор олимпын алтан медаль хүртсэн анхны тамирчнаар тодорч Монголчуудаа баярлуулсан алдартан билээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү