Валютын нөөц импортын нэг жилийн хэрэгцээг хангах түвшинд байна

Монгол Улсын гадаад валютын албан нөөц энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 4.1 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор импортын нэг жилийн хэрэгцээг хангах түвшинд байгааг төв банкнаас мэдээллээ. Ковид-19 цар тахлаас шалтгаалан дэлхийн эдийн засаг царцанги байдалд орж, түүхий эдийн эрэлт, үнэ буурах хандлага ажиглагдах болсон.

Үүнээс шалтгаалан Монгол Улсын экспортын орлого 2020 оны эхний гуравдугаар сарын байдлаар 42 хувиар буурч, урсгал тэнцлийн алдагдал 767 сая ам.доллар, төлбөрийн тэнцлийн нийт алдагдал 350 сая ам.долларт хүрээд байгаа. Монголбанк энэ оны эхний гурван сард цэвэр дүнгээр 375 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн бөгөөд цаашдаа гадаад валютын захын нөхцөл байдал харьцангуй эерэг байх дүр зураг гарчээ.

Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкнаас 2015 онд Засгийн газрын баталгаатай гаргасан 500 сая ам.долларын бондын төлбөрөө өөрийн эх үүсвэрээр амжилттай төлсөн байна. Мөн ирэх долоодугаар сард дуусахаар хүлээгдэж буй Монголбанк БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн хугацааг сунгах хэлэлцээр амжилттай үргэлжилж байгааг эх сурвалжууд мэдээлэх болсон. Ингэснээр 2020 онд төлөгдөх томоохон гадаад өрүүд зах зээлд дарамт үүсгэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нөгөөтэйгүүр Ковид-19 цар тахлын улмаас олон улсын хөрөнгийн зах зээлд санхүүжилтийн өртөг буурах үзэгдэл ажиглагдаж байгаа. АНУ-ын Төв банкнаас бодлогын хүүгээ бууруулан 0.00-0.25 хувьд хүргэсэн, тус улсын конгресс таван их наяд долларын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталсан зэрэг нь зах зээлд ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа юм.

Дээр нь манай улсын экспортын гол түнш болох БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал намжиж, эдийн засаг нь сэргэх хандлага ажиглагдаж эхэлсэн зэрэг нь зах зээлд таатай мэдээ болж байна. Хятадын эдийн засаг  хэвийн үеийнхээ орчимд ажиллаж эхэлсэн бөгөөд тус улсын Засгийн газраас нүүрсний үнийг дэмжих зорилгоор үйлдвэрүүдийн гацааг бууруулахыг уриалж байгаа юм. Энэ нь манай улсад орж ирэх валютын урсгалд нэмэгдүүлж, дотоодын валютын захад таатай нөхцөл байдал үүсгэнэ гэдгийг шинжээчид онцолж байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү