Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д ирүүлээд байна

ЭМЯ-наас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлыг 2020 оны хоёрдугаар сарын 11-ний 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Мэдээллийг ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар,  ХХЕГ-ын дарга хурандаа Ц.Мягмардорж, ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү нар өглөө.



Хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 43027-т хүрсэн бол 3998 хүн эдгэрч, 1017 хүн нас бараад байна. МХЕГ-ын мэдээллээр нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ний хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсний 66 нь Буянт Ухаа, 5 нь Замын-Үүд, 3 сэжигтэй тохиолдлыг Хавиргын боомтоор илрүүлсэн. Өчигдөр нэмж 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулаад байна. Монгол Улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа ч эрсдэл өндөр байгааг бодолцож зайлшгүй шаардлагатай биш бол аль болохоор тус улсад зорчихгүй байхыг зөвлөе.



Одоогийн байдлаар  ХӨСҮТ-д  өчигдөр тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарч үгүйсгэгдсэн. Хөвсгөл аймагт сэжигтэй нэг тохиолдол илэрч шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Гашуунсухайт боомт дээр тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний сорьцыг хүлээн авч хариу гарсан даруйд мэдээлэх болно.  


Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллээр 26 боомтын хамгийн ачаалалтай байгаа нь Замын-Үүд болон Буянт-Ухаа боомт байна. ОХУ-д  хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор ОХУ-аас орж ирж байгаа болон ОХУ руу явж байгаа иргэдэд хяналт тавьж байна.  


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү