"Өвлийн идэш" махны өргөтгөсөн худалдаа маргааш эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоолын хүрээнд 2019-2020 онд өвөлжих болон хэрэгцээлэх малын тоог ХХААХҮЯ-аас аймаг, орон нутгийн мэдээлэл, судалгаанд тулгуурлан гаргасан юм. Судалгааны дүнгээр өнгөрөгч есдүгээр сарын байдлаар бэлчээрт 84.2 сая толгой мал байгаагаас 16.5 саяыг хэрэгцээлэх, 67.7 сая малыг өвөлжүүлэх тооцоо гарчээ.

Тиймээс төв суурин газрын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 5-20-ны хооронд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг арга хэмжээний үеэр Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын дайвар бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй үнээр малчид өөрсдөө нийслэлийн иргэдэд худалдаалах юм.

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай гэсэн 11 аймаг оролцохоор мэдээгээ ирүүлээд байгаа юм. Махны өргөтгөсөн худалдаанд таван төрлийн мах, малын дайвар бүтээгдэхүүн худалдаална.

Хэдийгээр салбарын яамны зүгээс зах зээлийн үнийн тухайд оролцох боломжгүй ч орон нутгийн удирдлагуудаас авсан тоон мэдээгээр үхрийн мах 7500, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байхаар тооцоо гарч байна. Нийслэлийн иргэдийн хөдөө явж идэш бэлтгэх цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж малчдын гараас ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, аль болох бөөний үнээр өвлийн идшээ базаахад нь туслах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүний өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнгөрөгч аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болох “Гулууз” арга хэмжээг нийслэлд амжилттай зохион байгуулсан юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү