У.Хүрэлсүх: Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох ёстой

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.

Тэрбээр “Бидний өвөг дээдэс Хүннүгийн ноёд язгууртнуудын булшийг одоогоос 95 жилийн өмнө Оросын археологчийн удирдсан баг Ноён уулнаас олсон байдаг. Монгол хүн яаж ч ядарч туйлдсан байлаа гээд өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх учиргүй ээ. Эдгээр булшнууд нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогдож байна. Цаашид энэ газрыг онгон дагшинаар нь авч үлдэх ёстой.Өвөг дээдсийн үлдээсэн эх нутаг өнөөдрийн алтнаас үнэтэй”  хэмээн мэдэгдлээ.

Сануулахад, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийн шүүх хурал  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2019 оны наймдугаар сарын 6-ны өдөр болох байсан ч хойшилсон.

Ноён уул орчимд уул уурхай эрхлэхийг эсэргүүцэж буйгаа “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын зүгээс олон жилийн турш илэрхийлж өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох ёстой гэсэн агуулга бүхий тэдний нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн жилүүдэд 40 гаруй удаа болсон байдаг.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Sanaa [64.119.19.xxx] 1 долоо хоног
Ali ert l ingeh yostoi baisiishd.