М.Жаргалмаа: Олон жил тамхи татсан хүмүүсийн 90-95 хувь нь уушгины хорт хавдраар өвчилсөн гэх баримт бий

Дэлхийн тамхины эсрэг өдөр энэ сарын 31-нд тохионо. Энэ өдрийн хүрээнд тамхины хор уршиг болоод тамхинаас ангижирснаар ямар эерэг нөлөө гарах талаар БЗД-ийн ЭМТ-ийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан М.Жаргалмаатай ярилцлаа.

-Тамхи татах нь эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Тамхины эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөний талаар эрүүл мэндийн байгууллагууд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр жил бүр олон янзын арга хэлбэрээр хүргэсээр ирсэн. Тийм болохоор дийлэнх хүмүүс чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, хорт хавдар үүсгэдэг, зүрх судас, төв мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг болохыг ямар нэг хэмжээгээр сонссон байдаг. Гэтэл тамхины үйлдвэрлэл, хэрэглээ огт буурахгүй байгаа нь никотин гэх донтуулагч бодистой холбоотой. Зарим тамхийг давирхай багатай, никотины хэмжээ бага гэж сурталчилж байгаа нь хүмүүст хуурамч итгэл найдвар төрүүлж байна. Гэтэл эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, үйлчилгээ нь ямар ч ялгаагүй байдаг. Аюулгүй, хоргүй тамхи гэж байхгүй. ДЭМБ-ын мэдээлснээр тамхины хэрэглээ нь 10 хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг бол энэ тооцооллоор жил бүр тамхинаас болж 8 сая орчим хүн нас барж байна.

-Тамхи татдаг хүмүүсийн дунд ямар өвчин түгээмэл байдаг вэ?
-Дан ганц тамхи татдаг хүмүүс гэлтгүй дам тамхидалтанд өртсөнөөс үүдэн өргөн хүрээний өвчлөл бий болдог. Тодруулбал, бүх төрлийн хорт хавдар, зүрх судасны өвчлөлүүд, амьсгалын эрхтний эмгэгүүд, бэлгийн болон нөхөн үржихүйн эртхэн системийн өөрчлөлтүүдээс гадна альцгеймерийн өвчин, ухаан самуурах эмгэг үүсэхэд нөлөөлдөг. Анагаах ухаан, шинжлэх ухааны судалгаа шинжилгээнүүд хөгжих тусам тамхины шалтгаант өвчин эмгэг, өөрчлөлтүүд шинээр нэмэгдсээр байна.

-Тамхи татаж байгаа хүн дан ганц өөрийгөө бус бусдыг хордуулдаг. Тэгэхээр тамхи татаж байгаа хүнд өөрт нь болон бусдад яг ямар нөлөө үзүүлэх вэ?
-Дам тамхидалт буюу идэвхгүй тамхидалт нь тамхины хорт бодисуудаар дүүрсэн агаараар амьсгалж, тамхи татсан хүний адил хордоно гэсэн үг. Уугиж буй утаа нь тамхичдын амьсгалж байгаа утаанаас хорын агууламжаар өндөр байдаг. Тухайлбал, угаарын хий 2,5-15 дахин, никотин 1,5-20 дахин, бохь 15 дахин их байна. Гэртээ эсвэл машиндаа тамхи татсан бол агаар сорох төхөөрөмж ашиглах, цонх салхивчаа онгойлголоо ч тамхины утаа багасахгүй, эрүүл агаарын түвшинд хүрч чаддаггүй. Тэр ч байтугай хувцсанд шингэсэн тамхины үнэр, хорт нэгдлүүд нь нэг цагийн турш бусдыг хордуулах чадвартай байдаг. Мөн тамхи татдаг хүний хажууд байсан бага насны хүүхдүүд ирээдүйд тамхичин болох магадлал өндөр болдог. Иймээс тамхигүй орчин л таны гэр бүл, хайртай дотны хүмүүсийг чинь тамхины хор уршгаас сэргийлэх болно.

-Тамхидалт нь даамжирсаар донтолт болж байна. Нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ?
-Тамхины донтуулагч гол хүчин зүйл бол никотин байдаг тухай дээр дурдсан. Магадгүй тамхинд байдаг бодисуудаас олон нийтийн хамгийн их сонссон бодис нь никотин. Гэтэл тамхинд агуулагдах хорт бодисуудын нэр төрөл 4000 гаруй, сүүлийн үеийн судалгаагаар түүнээс ч илүүтэйгээр хүний биед хортой нэгдлүүд цуглардаг гэдгийг сануулах нь зүйтэй байх. Олон тооны үхлийн өвчнүүдийг эдгээр хортой нэгдлүүд үүсгэж байдаг. Зарим эрдэмтэд никотиныг хамааралд оруулдгаараа геройн болон кокайнтай нэг бүлэгт байдаг мансууруулах бодисуудаас ч илүү хүчтэй хамаарлыг бий болгодог гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тамхи татахыг албадаж, дасал үүсгэж донтуулах үйлдэл үзүүлдэг гэсэн үг.

-Нэгэнт донтолттой болчихвол цаашид ямар эрсдэл гарах вэ. Тамхинаас ангижрах ямар арга байна вэ?
-Мэдээж маш олон төрлийн өвчин эмгэг, эдийн засаг, гоо сайханд үзүүлэх таагүй нөлөөнүүд байна. Тамхинаас гарч чадахгүй байгаадаа гутрах, гэр бүлийн харилцаа муудах зэргээс болж сэтгэцийн тулгамдсан асуудалд орох эрсдлийг бий болгож байгаа. Тамхинаас гарах “6З-ийн зарчим” гэх аргачлал байдаг л даа. Мөн дасгал хөдөлгөөн, иогоор хичээллэх, эмийн эмчилгээ хийлгэх гэх мэт аргыг хэрэглэж болно. Хэрвээ хүн хүсэх л юм бол гарах гарц, арга замууд олон бий. Хүн аль ч насандаа тамхинаас гарснаар эрүүл мэнддээ маш чухал тус хүргэж болно. Аль болох эрт гарах тусам л тамхины хор хөнөөлөөс эрт ангижирна гэсэн үг.

Сонирхуулахад өдөрт татах тамхиныхаа хэмжээг цөөрүүлж бага багаар дасгаж гарахаас илүү тамхиа шууд хаях нь өндөр үр дүнтэй байгааг Оксфордын их сургуулийн судлаачид 6 сарын турш хийсэн судалгаагаар тогтоосон байдаг. Судалгаанд хамрагдсан 700 хүнээс тамхиа огцом хаясан хүмүүсийн 1 сарын дараах амжилт нь аажмаар зогсоосон хүмүүсийнхээс 25 хувиар илүү, 6 сарын дараа эхний хэсгийнхний 22 хувь нь тамхинаас бүрмөсөн гарсан бол “удаан” бүлгийнхий 15 хувь нь л гарч чадсан байна. Аль ч аргыг сонгосон бай хамгийн гол нь тамхинаас гарахыг тухайн хүн өөрөө шийдсэн байх хэрэгтэй.

-Тамхинаас гарах гэж байгаа хүн сэтгэл санаагаа хэрхэн бэлдэх вэ?
-Зарим хүмүүс тамхинаас гарсан ч эргээд орчихдог тохиолдол байдаг. Энэ нь төлөвлөгөөгүй, бэлтгэлгүй эхэлснээс болдог. Та бэлтгэл хийлгүйгээр гүйлтийн уралдаанд оролцохгүй шүү дээ. Бэлэн болох хүртлээ өөрийн бие болон сэтгэл санаагаа тамхинаас “чөлөөлөх” асар том өөрчлөлтөнд бэлтгэх хэрэгтэй. Жишээ нь: Яагаад тамхи татдаг, яагаад гармаар байгаагаа, тамхины хор уршиг болон тамхинаас гарах үр ашгийн талаар бодож тэмдэглэл, дүгнэлт хийж үзээрэй.

-Уушгины хорт хавдраар өвчилж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэхэд тамхидалт нөлөөлж байна уу?
-Тамхи татах нь уушгины хорт хавдраар нас барах магадлалыг 20 дахин ихэсгэдэг. Олон арван жил тамхи татсан хүмүүсийн 90-95 хувь нь уушгины хорт хавдраар өвчилдөг гэсэн баримт ч байгаа. Мөн уушгины архаг бөглөрөлт үүсэх эх үүсвэрийн 80-90 хувь нь тамхи татсанаас болдог. Харамсалтай нь ийм хор хөнөөлтэй бүтээгдэхүүнийг залуу үеийнхэн, ялангуяа охид эмэгтэйчүүд ихээр хэрэглэх болсон нь сүүлийн үед анхаарал татах болсон.

-Тамхи нь дан ганц уушги гэлтгүй дархлааны систем, зүрх судас, бэлгийн сулрал, элэгний өвчлөлд хүртэл нөлөөлдөг гэж байна. Мөн эмэгтэйчүүдэд сарын тэмдэг алга болох, зулбах, дутуу төрөх, эрт хөгшрөх гээд олон сөрөг талтай гэсэн. Зөвхөн тамхинаас татгалзчихвал монголчуудын дундаж наслалт нэмэгдэхэд нөлөөлөх болов уу?
-Хүн амын дундаж наслалтанд нөлөөлдөг хамгийн чухал зүйлийн нэг нь эрүүл мэнд. Тамхины шалтгаанд өвчин эмгэгүүд багасвал хүний дундаж наслалт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

-Дэлхийн тамхигүй өдрийг хаана, хэзээнээс тэмдэглэж байна вэ? Манай улс хэд дэх жилдээ тэмдэглэж байна?
-ДЭМБ-аас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор 1988 оны 05 сарын 31-ны өдрөөс эхлэн тэмдэглэсэн. Жил бүр тодорхой уриа, зорилготойгоор олон төрлийн кампанит ажлууд зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд ДЭМБ-аас “Амьсгалах агаараа тамхинд бүү алд” уриатайгаар тэмдэглэж байна. Мөн НЭМГ-аас “Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё” аян зарласан байгаа.

-Энэ өдрийг зүгээр нэг тэмдэглээд өнгөрөх биш, цаашид ямар ажил хийвэл үр дүнд хүрэхээр байна вэ?
-Эрүүл мэндийн байгууллагууд тамхины хор хөнөөл, уршгийг танилцуулахаас гадна тамхинаас гарснаар ямар эерэг үр нөлөөнүүд гарах тухай хамтран ярилцаж, тамхины хамаарлын түвшинд нь тохирсон мэдээлэл зөвлөгөөгөөр хангах, нөгөө талаар дан ганц эрүүл мэндийн салбар гэлтгүй тухайн тамхи хэрэглэж байгаа хүний гэр бүл, найз нөхөд, хамт олон нь тамхинаас гарахад нь дэмжин тусалж хамтран оролцох нь илүү үр дүнтэй боловуу гэж бодож байна.

-БЗДЭМТ дэлхийн тамхигүй өдрийг угтаж ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ. Үүнээс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-ЭМТ-нь Амос ТББ-тай хамтран тамхины хэрэглээнээс татгалзах санаачлагыг дэмжин урамшуулах, тамхины хор хөнөөлийг өсвөр үе, залуучуудад сурталчлан таниулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшнийг дээшлүүлэхэд оюутан залуучуудын оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор “Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё” уриатай видео сурталчилгааны уралдаан зарлаад байна. Мөн энэ сарын 31-ний өдөр тамхины эсрэг сурталчилгаа бүхий алхалтын арга хэмжээ, флашмоб, 15 цагаас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү арга хэмжээг Бишрэлт бьюти компани дэмжин оролцож “Утаа биш үнэртэн үнэртүүлье” сэдвээр тамхины эсрэг мэдээлэл, зөвлөгөө авсан хүмүүст үнэртний дээж бэлэглэх гэж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү ажлын үр дүнд залуу үеийнхэн тамхины эсрэг дуу хоолойгоо өргөж, тамхинаас татгалзах хөдөлгөөнийг нийгэмд уриалж, өдөр бүрийг тамхигүй өдөр болгоход оролцоосой гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Х.Мөнхзул


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү