Б.Пүрэвсүрэн: Дархлаа султай, суурь өвчтэй хүмүүс сүрьеэгээр өвчлөх гээд байдаг

Сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа шалтгааныг тодруулахаар БЗД-ийн Сүрьеэгийн диспансерийн зохицуулагч эмч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Сүрьеэ өвчин нь ямар замаар дамжин халдварладаг вэ?
-Сүрьеэ өвчин нь амьсгалын замаар дамжин халддаг гэдгийг бүгд мэддэг байх. Нэгэнт сүрьеэ өвчний халдвар авсан тохиолдолд дархлаа муудсан үедээ амьдралынхаа ямар ч үед сүрьеэгээр өвчилж болно. Агаар дуслын замын халдварыг тухайн хүн амьсгалж эхэлсэн буюу төрсөн мөчөөсөө эхлээд авах магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл халдварыг хаанаас ч, хэнээс ч авч болно гэсэн үг. Дэлхий дахинд нийт хүн амын 3 хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан гэж үздэг. Харин ДЭМБ-аас 2014-2015 онд Монгол Улсад хийгдсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар жилд 12 мянган хүн өвчилж бүртгэгдэх ёстой гэсэн үр дүн гарсан байдаг. Өнгөрсөн оны эрүүл мэндийн байгууллагад 3800 орчим, өмнөх жилүүдэд 4000 орчим тохиолдол бүртгэгдсэн. Тэгэхээр жилд 8000 орчим хүн сүрьеэтэй гэдгээ мэдэхгүйгээр бусдад санамсаргүй байдлаар халдвар тарааж байх магадлалтай болж байна.

-Халдвар авсан хүн өвчлөөгүй ч гэсэн өөрөө халдвар тарааж байж болох уу?
-Үгүй. Халдвар авсан гэдэг нь тухайн хүний биед нян нэвтрээд дархлааны эс нь таньсан гэсэн үг. Хүний биед сүрьеэгийн нян ямар нэг байдлаар нэвтэрсэн эсэхийг тодорхойлдог сорил гэж бий. Энэ сорилоор нян илэрсэн ч халдвар тарааж байгаа гэж ойлгож болохгүй. Тухайн хүний биед нэгэнт нян нэвтэрсэн тохиолдолд хоёр жил, эсвэл 20-30 жилийн дараа ч юм уу сүрьеэгээр өвчилж болзошгүй. Эсвэл насан туршдаа өвчлөхгүй ч байх боломжтой байдаг.

-Халдвар авсан хүн өвчнөөс урьдчилан сэргийлж болох уу?
-Болно. 100 хүн халдвар авсан гэж үзэхэд үүнээс дархлаа султай 5-10 хүн л өвчлөх магадлалтай. Ингээд бодохоор 90-95 хүн нь амьдралынхаа туршид сүрьеэгээр өвчилдөггүй гэсэн үг. Харин сүрьеэгээр дархлаа султай, суурь өвчтэй, хавсарсан өвчтэй хүмүүс өвчлөх гээд байдаг талтай. Амьдралын зөв хэвшилтэй хүн бол насан туршдаа сүрьеэгээр өвчлөхгүй байж болно.

-Сүрьеэ нь халдвартай, халдваргүй гэж байдаг гэсэн энэ талаар?
-Хүмүүс сүрьеэ өвчнийг ерөнхий нэр томъёогоор нь авч үзээд байгаа болохоос биш энэ өвчин нь маш олон эрхтнийг гэмтээдэг. Ямар эрхтнийг гэмтээснээсээ хамаараад халдвартай, халдваргүй гэж байдаг.

Зөвхөн уушгийг гэмтээгээд цэр гаргаж, ханиалгаж байгаа тохиолдолд бусдад халдвар тараана. Тэрнээс биш булчирхайн хэлбэрийн сүрьеэ ч юм уу, өөр бусад эрхтний сүрьеэтэй тохиолдолд бусдад халдвар тараахгүй. Бас нэг тодруулж хэлэх зүйл байна. Хүүхдэд халдвартай хэлбэрийн сүрьеэ бараг тохиолддоггүй. Тэгэхлээр хүүхдээс хүүхдэд халдвар тарна гэсэн асуудал байхгүй. Энийг эцэг эхчүүд, иргэд маань зөв ойлгоосой гэж хүсч байна.

-Сүрьеэгийн эмчилгээ хэдий хэр хугацаанд үргэлжилдэг вэ?
-Сүрьеэгийн эмчилгээ нь олон янз байгаа. Хамгийн богино хугацааны эмчилгээ нь 6-8 сарын турш тасралтгүй үргэлжилдэг учраас өвчтөнөөс маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Тэсвэр тэвчээр гаргаад эмчилгээгээ гүйцэт хийлгэсэн тохиолдолд бүрэн эдгэрдэг. Тухайн хүн маань эрүүл мэндийн боловсролгүйгээс, ар гэрийн шалтгаанаар гээд ямар нэгэн байдлаар эмчилгээ тасалсан тохиолдолд дараагийн хүндрэл буюу эмэнд тэсвэртэй сүрьеэ үүснэ. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ нь 18-24 сар хүртэлх хугацаагаар үргэлжилдэг. Одоо бид ДЭМБ-ын шинэ удирдамжийн дагуу 9 сарын хугацаанд эмчлэхээр хичээж ажиллаж байна.

-Сүүлийн үед сургуулиудаар сүрьеэ өвчин гарлаа гэх мэдээлэл гараад байгаа. Энэ өвчин ихсээд байгаа шалтгааныг юу гэж харж байна?
-НЭМГ-аас нийслэлийн хэмжээний 90 сургуулийг хамарсан сүрьеэгийн үзлэг хийгдэж байна. Манай дүүргийн хэмжээнд 13 сургуулийг хамруулахаар ажиллаж байна. Энэ асуудалтай холбоотой хүүхдүүдийн дунд сүрьеэ гарч, тэр нь халдвар тараагаад байна гээд хүмүүсийн дунд буруу, ташаа ойлголт үүсээд байгаа.Сүрьеэгийн тохиолдол их байгаа нь үнэн. Өмнө нь ч их байсан. Тэр дундаа хүүхдийн сүрьеэгийн тохиолдол сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа учраас хүүхдийн байгууллагын багш ажилчдыг сүрьеэтэй байгаад өөрөө мэдэхгүй хүүхдүүдэд халдвар тарааж байх вий гэсэн болгоомжлолын үүднээс үзлэг хийгдэж байна.

-Өөрийгөө өвчилсөн байж болзошгүй гэж үзвэл хаана хандах вэ?
-Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж болно. Эндээсээ дамжаад дүүргийнхээ сүрьеэгийн диспансер дээр ирнэ. Дүүрэг болгонд сүрьеэгийн диспансер ажиллаж байгаа. Диспансерт бүх шинжилгээ, оношилгоо, эмчилгээ нь үнэ төлбөргүй байдаг учраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалж байна.

-Эмчилгээний зардлын талаар?
-Эмэнд мэдрэг сүрьеэ буюу богино хугацааны 6-8 сарын хугацаатай нэг хүний эмчилгээний зардалд дунджаар 150-300 орчим ам.доллар, эмэнд тэсвэртэй сүрьеэтэй нэг өвчтөний эмчилгээнд 1000-5000 ам.доллар болдог гэж үзэхээр маш их мөнгийг зарцуулж байгаа гэсэн үг. Иргэддээ сүрьеэгийн өвчний эмчилгээг үнэ, төлбөргүй хүргэж байгаа ч эмчилгээний зардлын 60 орчим хувийг Глобал сангаас санхүүжүүлдэг. Үлдсэн хэсэг нь улсын төсөвт тодорхой хэмжээний дарамт болж байгаа. Өндөр өртөгтэй эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэж байж, хувь хүний хариуцлагагүйн улмаас эмчилгээг завсардаж, дараагийн шатны урт хугацаа шаардсан, зардал ихтэй эмчилгээ хийлгэхэд хүрч байгаа нь харамсалтай.

-Сүрьеэгээр өвчилсөн бол өөртөө болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэнддээ анхаарч, тэсвэр тэвчээртэй эмчилгээгээ бүрэн гүйцэт хийлгэх нь зүйтэй юм байна. Хариуцлагатай хандах тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?
-Сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Гэтэл хүмүүсийн дунд энэ өвчнийг эдгэрдэггүй, олон эмэнд дасалтай сүрьеэ гээд улам даамжраад байна гэдэг ойлголт яваад байх шиг. Засгийн газар, холбогдох яам агентлагууд, дүүргүүдийн диспансер эмч мэргэжилтнүүд гээд үе шаттайгаар ажлаа хийгээд өвчтөнийг эмчлээд явж байна. Ганц үлдэж байгаа зүйл нь өвчтөн өөрөө эрүүл мэнддээ анхаарч, нухацтай, хариуцлагатайгаар эмчилгээгээ бүрэн төгс, тэсвэр тэвчээртэй хийлгэж байж, үр дүнд хүрнэ шүү дээ.

-БЗД-ийн сүрьеэгийн диспансерийн тухайд өдөрт хичнээн хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Сүрьеэтэй өвчтөнүүд болон тэдний ар гэрийнхэн, ажилд орох гэж байгаа, урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх, эрүүл мэндийн хуудас авах гэж байгаа гээд диспансерт өдөртөө 120-150 орчим иргэн үйлчлүүлж байна.

-Яг ямар шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй вэ?
-Ханиалгах, халуурах, цэр гарах, шөнөдөө хөлрөх, турж эцэх гээд илрэх шинж тэмдгүүдийг ихэнх хүмүүс мэддэг болсон байна лээ. Гэхдээ андуурагдах тохиолдол бий. Тамхи татдаг хүмүүс ханиалгаа тамхинаас болсон, хөлөрч ядраад байгаагаа ажлын ачаалал их, хаваршилтаас боллоо гэдэг. Ингэж бодсоноосоо болоод эмчид хожуу ханддаг. Энэ үед нь өвчин нь нэлээн хүндэрчихсэн, ойр орчныхондоо халдвар тараачихсан байх жишээтэй. Тиймээс иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, өөртөө болон хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. 

Х.Мөнхзул


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү