Б.Дэлгэрэхсүрэн: Сүүлийн үед зуурдын амьдралд үлдсэн сүнс маш их болсон

Монголчууд “Аура” гэх үгтэй “танилцаад” багагүй хугацааг үдсэн. Гэсэн хэдий ч энэ чухам юу юм бэ гэдгийг онцгой анхаарч, олонд түгээсэн зүйлгүй өдийг хүрчээ. Өнөөдөр бидний оршин буй ертөнц “энергийн эрин зуунд оршиж байна” хэмээн хүн бүр ярьж, бичиж байгаа ч энэ нь яг юуг илтгэж, үүнд бид хэрхэн аж төрөх вэ гэдэгт анхаарлаа хандуулахгүй өдийг хүрсэн юм. Тиймийн учир бидэнтэй эртнээс танил болсон “Аура” хэмээгчийн тухай болоод олны дунд хэвшмэл болсон зарим нэг ойлголтуудын талаар ярилцахаар Био энерги шинжээч, бариач Б.Дэлгэрэхсүрэнийг энэ удаагийн ярилцлагын буландаа урилаа. Тэрбээр 2013 оноос хойш био энерги шинжээчээр ажиллаж байгаа ажээ.


-Асуултаа гол зүйлээсээ л эхэлье. Ер нь бидэнд танил нэршилтэй атлаа “танил бус ойлголттой” байсаар байгаа “Аура” гэж чухам юу юм бэ. Үүнийг та манай уншигчдад маш ойлгомжтойгоор тайлбарлаач?

-Аура гэж хүний гэрлэн бүрхүүл буюу бидний махан биеийн гадуур алд хэмжээнд орших орон зай юм. Гэрлэн биеэс цацрах энерги нь хүнийг эхийн хэвлийд байхаас өнөөг хүртэл мөн эцгийн долоо эхийн долоон үеийн мэдээллийг хадгалж байдаг. Дээр нь эрүүл мэндийн мэдээлэл багтана. Гэрлэн биеийн хэлбэр хэмжээ алдагдвал таны амьдралд болон биед ямар нэгэн өөрчлөлт гардаг. Амжилт, уналт, эрүүл өвчтэй байх чинь ч үүнтэй холбоотой. Гэрлэн бие багассан бол энергийн дутагдалд орсон, ихссэн буюу тэлсэн бол энергийг муу муухай юм сорж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр “Аура”-г тэр хүний мэдээллийг шингээсэн “ноён нуруу” гэж бас тайлбарлаж болно.

-Олон нийтийн дунд аурагаа үзүүлнэ гэхээр лам, бөөд үзүүлдэг шиг юм болдог гэж ойлгоод байдаг. Танайх яг яаж оношилдог юм бэ?
-Хүн бүрт цаг тутамд сүнсэнд нь, биенд нь мэдээлэл сууж байдаг. Хүний урьд насны мэдээлэл, эцэг эхийн мэдээлэл, үйлийн үр гээд бүхий л зүйлсийг энэхүү 3D аппаратаар гаргах боломжтой. Ингэхийн тулд хүний гарт байх 42 цэгнээс нь мэдээлэл авах буюу дарахаар компьютер дээр бүх мэдээлэл нь гараад ирдэг.

-Ер нь хүний аура ямар байх ёстой юм бэ?
-Хүн эхээс төрөхдөө гоё өндөг шиг зууван бөөрөнхий хэлбэртэй ауратай төрдөг. Амьдралын эрхээр буюу олон янзын учир шалтгааны улмаас хүний аура гэмтдэг. Түүнээс биш зөв бодолтой, зөв сэтгэлтэй, зөв алхамтай хүн байгалийнхаа жамаар энергиэ буюу аурагаа хадгалаад л байх чадвартай.

-Аура яагаад гэмтдэг юм бэ. Олон шалтгаан байдаг гэлээ. Заримаас нь дурдаач...?
-Маш олон шалтгаан бий. Тухайлбал байгаль ертөнцтэйгөө зүй бусаар харьцаж мод ургамал тайрсан ч юм уу, гол устайгаа зүй зохисгүй харьцсанаас болж гэмтэх тохиолдол байна. Нөгөөтэйгүүр цаг агаарын байдал, цахилгаан долгион гэх мэт ч нөлөөлдөг. Мөн бид хүссэн хүсээгүй нийгмийн харилцаанд орж байдагтай холбоотойгоор хүнтэй муудалцах, гэр бүлийн амьдралд асуудал үүсэх, ажил мэргэжилтэй холбоотой хэл ам гарах гэх мэт олон шалтгаан бий.

Сүүлийн үед над дээр залуус их ирж байна. Тэр нь сайн л даа. Тэдний шалтгааныг хараад байхаар эцэг, эхээсээ болоод аура нь гэмтсэн хүмүүс их ирж байгаа. Аав ээж нь хэрэлдэж муудалцдаг, хүчирхийлэл үйлддэгээс үүдэлтэй аура нь цоорсон, гэмтсэн хүмүүс их байна. Аура цоороод ирэхээр хамгаалалт байхгүй учраас янз бүрийн гадны биет, сүнсний хоол болчихдог. Тэгээд хаанаас нь цоорсноос шалтгаалаад янз бүрийн шинж тэмдэг илэрнэ л дээ. Тухайлбал, ээж аав нь хэрүүл тэмцэл хийдэг, аль нэг нь хүнтэй явалддаг бол тухайн хүүхдийнх нь хоёрдугаар хүрдэн дээр нь гэмтэл үүсдэг.

ЗӨВ БОДОЛТОЙ, ЗӨВ ҮГ ЯРИАТАЙ, ЗӨВ СЭТГЭХҮЙТЭЙ ХҮНИЙ АУРА ГЭМТДЭГГҮЙ

-Ингэхээр л нөгөө “Үр минь үлддэг хорвоо шүү, зөв л амьдрахсан” гэдэг үг санаанд ороод байна шүү?
-Тийм. Хамгийн гол нь ээж аав нь буянлаг, бурханлиг явах юм бол тухайн хүүхэд ч сайхан л явна гэсэн үг.

-Та дээр өгүүлсэн хүрдний талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?
-Хүний биеийн аура буюу гэрлэн бүрхүүл нь өөрөө бүтэн байхын тулд тулгуур зүйлтэй байх ёстой. Төв мэдрэлийн систем буюу нуруу нугас дагасан хийн судал байдаг. Үүнийгээ чакра буюу хүрд гэж нэрлээд байгаа юм. Долоон хүрд бүрэн нээлттэй байвал аура бүтэн байна гэж үздэг. Тэгвэл 7 хүрдээ бүтэн байлгахын тулд гурван сууриа зөв байлгах ёстой. Өөрөөр хэлбэл зөв бодолтой, зөв үг яриатай, зөв сэтгэхүйтэй байх ёстой. Ухамсраараа цэвэр байна гэсэн үг шүү дээ.

Ухамсар цэвэр байнаа гэдэг маань хэн нэгэн хүн уурлалаа гэхэд түүнийг зөвөөр ойлгож чаддаг байнаа гэсэн үг. Хүн чамруу уурлахад өөдөөс нь уурлах биш, харин уужим хүлээцтэй байж, учир шалтгааныг нь язгуураар нь ойлгож чадах чадварыг л зөв ухамсар гээд байгаа юм. Бодол ухамсар чинь зөв байхад өөрт чинь хар энерги нэвтрэхгүй хаалттай байдаг. Энэ хүн яагаад уурлав гэдгийг зөв талаас нь харах ёстой. Ингээд юмыг зөвөөр харж чадвал аура буюу гэрлэн бүрхүүл маань тэр бүр эвдрээд гэмтээд байхгүй.

-Та багагүй хугацаанд энэ чиглэлээр ажиллаж байгаа хүн. Энэ хугацаанд тань дээр аура нь бүтэн, цэвэр хүн ер нь ирж байх юм уу?
-Ер нь цөөхөндөө. Нийгэмд материалаг тал руугаа буюу мөнгө, эд баялагийн төлөө хэтэрхий их ажиллаж, түүнээс өөр зүйл бодохоо больчихсон хүмүүс олон байгаа учраас аура нь гэмтээд байна. Гэхдээ сайхан бурханлиг, буянлаг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байхгүй биш байгаа. Энэ бидний оршин байгаа зуун чинь “Бумбын зуун буюу сүнсний зуун”. Тийм учраас сүнсний бохирдол их байна. Сансар огторгуйгаас амьд биес их бууж ирж байна. Тиймээс хүмүүсийн аура гэмтэж, их сүнстэй болж байгаа.

-Тэнэмэл сүнснүүд их байна гэсэн үг үү?
-Нартын амьдрал, сүнсний амьдрал зэрэгцэн оршиж байдаг. Сүүлийн үед хүний буянлаг, бурханлиг чанар алдагдаад материалаг талруугаа явчихсан... Сайн лам, сайн бөө нар цөөхөн болчихсон. Бурхан болоочдын хойдохыг үйлдэж байгаа лам нар лүйжин тавилаа гэхэд тэрийгээ тавьж чадахгүй, сүнсийг нь буцааж чадахгүй байгаа учраас зуурдын амьдралд үлдчихээд байгаа сүнс маш их байна. Зуурдын амьдралд үлдсэн сүнс чинь юугаар амьдардаг вэ гэхээр, амьд хүний энерги, эрчмээр нь ...

-Тэр сүнс яг ямар үед хүний биед орох вэ. Яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Архи дарс уугаад, хүн амьтантай муудалцах үед буюу бие сулрах үед сүнс хүний биерүү нэвтэрдэг. Тэгэхээр тэр бүхнээс зайлсхийж, хяналтаа алдаж, биеэ сулрахаас болгоомжлох хэрэгтэй. 

-Манайхан аураг бясалгал хийхтэй төстэй гэж ойлгоод байдаг. Энэ тал дээр хариулт өгөөч?
-Огт өөр хоёр зүйл. Аура гэдэг чинь хүний байгалиас заяасан хамгаалалт байхгүй юу. Бясалгал иога гэдэг өөрийн дотоодтой харьцах үйлдэл юм. Бурханлиг, буянлаг тал руугаа, сансар огторгуйтайгаа өөрийгөө холбож гэгээрэх замруугаа явж байгааг чинь бясалгал гэнэ.

Хүн гэдэг чинь энергийн урсгалд амьдардаг. Энерги багасахад эрчим нь дагаад буурч байдаг. Бүх мэдээлэл энергиэр дамжиж байдаг учраас тухайн хүн аурагаа ямар байлгах вэ гэдэг нь өөрөөс нь шалтгаална.

13 ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ӨӨРСДИЙН АУРА БИЙ БОЛДОГ

-Аураг тэдэн наснаас эхлэж үзнэ гэсэн юм байх уу?
-Хүн төрөхдөө л ауратай байдаг, нялх байхад нь тухайн хүүхдийн аура ямар байгааг үзэх боломжтой. Гэхдээ 13 дээш насны хүүхдүүдэд өөрсдийн аура бий болдог. Тэрнээс өмнө бол эхийн ауратай хамт, хамгаалалтад оршин байдаг. Тэгэхээр 13 наснаас нь хойш аураг нь үзвэл илүү тохиромжтой, бүх мэдээлэл нь гарч ирдэг.

-Аураг хэдэн хоногт бүрэн нөхөх вэ?
-Хүн хүнээсээ л шалтгаална. Ерөнхийдөө 2-3 хоногт засагдана. Нэг хоногт засагдах тохиолдол байх ч мэдээлэл нь сайн сууж өгдөггүй. Тийм учраас мэдээллээ тэр хүний эсийн түвшинд сайн суулгаж өгөхийн тулд гурав хоногийн дотор энергийн дүүргэлт хийж өгвөл илүү ач тустай гэж боддог.

-Аурагаа засуулчихаар насан туршдаа цэвэр ауратай явна гэж ойлгож болох уу?
-Янз бүр. Гэр бүлийн хоёр хүн аурагаа цэвэрлүүлчихээд гэрийнхээ энергийг засуулахгүй бол гал голомт сэвтэй учраас хоорондоо муудалцаад л байна. Тэгэхээр гэрийнхээ энергийг бас давхар засах ёстой. Ерөнхийдөө засал хийлгэсний дараа гоё болно. Хүн энергиэ засуулж, гэрлэн бүрхүүлээ нөхүүлсний дараа өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Хүнтэй муудалцахгүй, зөв чиглэл, зөв хандлагатай байх юм бол аурагаа сэвтээхгүй хамгаалаад л яваад байдаг. Яагаад гэхээр гэрлэн бүрхүүл нь өөрөө бүтэн болохоор гаднаас ирсэн хэл ам, янз бүрийн муу зүйлсийг биерүү чинь нэвтрүүлэхгүй хамгаалдаг болчихдог. Муу муухай дайрлага дайрлаа гэхэд хамгаалалттай хүн бол зүгээр бүдэрч унаад л босоод ирнэ.

-Сөрөг энергитэй хүн гэж ярьдаг. Үүнийг тодруулбал?
-Энерги сорогч, энергиэр тэтгэгч, хэвийн энергитэй хүн гэж 3 янз байдаг. Хажууд нь очиход ч юм уу уулзахад л нуруугаар хүйт даадаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс бол энергиэр хооллодог вампирууд, сорогчид юм. Харин бусдад тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг хүмүүс бол энергийн донор буюу тэтгэгчид. Тэд нар энергиэ бусдад түгээдэг, соруулсан ч нөхөж чаддаг. Энерги сорогч болон энергиэр тэтгэгч хоёр хамтдаа байж болдог. Харин энерги сордог хүнтэй хэвийн энерги ауратай хүн хэзээ ч хамт байж чаддаггүй. Соруулсаар байгаад аура ч үгүй, амьдрал ч үгүй болоод эцэст нь яагаа ч үгүй эрт нас бардаг.

-Энерги сордог хүнээс хамгаалах энгийн арга гэж байх уу?
–Ямар ч хүнтэй анх удаагаа уулзахдаа, эсвэл сөрөг энерги мэдэрч байвал хоёр гараа нийлүүлж барих, сууж байгаа тохиолдолд хөлөө зөрүүлэн шагайгаараа нийлүүлэн суухад л болно. Энэ нь энергийн хүрдээ гадагш гаргахгүй түгжиж байгаа хамгийн энгийн арга юм.

-Ер нь аурагаа засуулчихад анагаахаар явах шаардлаггүй гэж ойлгож болох уу?
-Хүнд дан болоод давхар өвчлөл гэж байдаг. Давхардсан өвчлөл болохоор сүнсний мэдээллээс үүдэлтэй. Дан өвчин гэдгийг энергийн заслаар эдгээчихдэг. Давхардсан өвчнийг бол дан энергийн заслаар эмчлэхэд хэцүү.

Хамгийн гол нь гэрлэн бүрхүүлээ бүтэн болгосны дараа эмнэлгээр оношлуулахад өвчин үнэн зөв гардаг, эмчилгээний үр дүн, эдгэрэлт нь ч хурдан болдог. Онош нь тодрохгүй байсан хүмүүс гэрлэн бүрхүүлээ манайд ирж засуулсны дараа онош нь тодорсон тохиолдол олон бий.

Нэг жишээ хэлье л дээ. Манай хадам аав 10 гаруй жилийн өмнө элэгний церозтой болоод эмнэлгээс насгүй гэх маягийн үг сонссон. Тухайн үед би авч яваад “Та надад итгэх юм бол би таныг анагаагаад өгье” гэсэн. Тэгээд итгэсэн. Одоо хүртэл сайхан байж л байна. Тэгэхээр хүнд сэтгэл, итгэл байхад болж л байгаа юм.

-Таныг зорьж ирж байгаа хүмүүсийг гаднаас нь хараад аура нь яаж гэмтсэнийг тогтоох боломж бий юу?
-Туршлага суугаад энергийн мэдрэмжтэй болчихсон учраас энерги нь муудчихсан, сүнстэй болчихсон хүнийг ороод ирэхэд биенд маань ямар нэгэн байдлаар шинж тэмдэг илэрнэ. Бие зарайх ч юм уу...

-Та энэ олон хүний муу бүхнийг гаргачихаад дараа нь өөрийнхөө энергийг цэвэрлэх ёстой байх?
-Мэдээж энергиэ цэвэрлэж байж, бусдад эмчилгээ хийнэ шүү дээ. Тиймээс өөрийн энергиэ галаар, усаар, бясалгалаар цэвэрлэдэг. Тэгээд өөрийнхөө энергийг харна.

АЖИЛ ТӨРӨЛ БҮТЭХГҮЙ, БИЕД ЯМАР НЭГЭН СӨРӨГ ЗҮЙЛС МЭДРЭГДЭЭД Л БАЙВАЛ ЛААГААР ӨӨРИЙГӨӨ АРИУСГАХ ХЭРЭГТЭЙ

-Тэгэхээр энергийн гол эмчилгээ нь гал, ус байх нь ээ...?
-Ус хүний энерги, бодлыг уншдаг. Сайхан зүйл хэлээд, шившээд үлээгээд уухад яг тэр газраа очиж байдаг. Тэгэхээр хүн байнга л устай харьцаж байх хэрэгтэй. Галаар бүх юм ариусдаг. Галын дөл өөдөө гэж хэлдэг. Галын энерги, дуу давтамж хүний биеийн бохирдлыг 100 хувь гаргаж чаддаг. Ажил төрөл бүтэхгүй, биед ямар нэгэн сөрөг зүйлс мэдрэгдээд л байвал лаагаар өөрийгөө ариусгачих хэрэгтэй.

-Лаа гэснээс сүүлийн үед хүмүүс “Лаа асаах нь сайн” гээд нийтээрээ бараг мэддэг, ярьдаг болчихож. Гэтэл түүнийг дагаад өнгө, өнгийн лааны утга учир, сайн муугийн тухай бас ярих боллоо?
-Лаандаа гол нь мэдээлэл шингээж өгөх л юм даа. Түүнээс биш өнгөнд ямар нэгэн чанар оршино гэж байхгүй. Дөл нь ижилхэн л цагаан шаргал туяатай байдаг шүү дээ. Тэгэхээр хүн ногоон лаа асаачихаад “Энэ лаа чинь миний мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх ёстой” гэсэн бодолтой байхаар тэр нь байгалийнхаа жамаар энергийг нь дуудчихдаг байхгүй юу. Бодлоороо гоё сайхан зүйлсээ татдаг л гэсэн үг. Дөл ихтэй байх тусмаа хүний гадна энергийн бохирдлыг ариусгаж, устгаж өгдөг.

-Лааг ер нь хаана тавьж асаах ёстой вэ?
-Булан тохойд тавибал илүү дээр. Яагаад гэхээр сөрөг энерги булан тохойд илүү цугларчихсан байдаг. За тэгээд хэрэв өөрийгөө цэвэрлэе гэж бодож байгаа бол хөлөндөө, урдаа тавьж болно.

-Энергийн чулуу гэж их ярьдаг. Чулуунд үнэхээр энерги байдаг юм уу. Ер нь хүнд юу энерги авчирдаг юм бэ?
-Янз бүрийн л зүйлс бий. Хүнийг нэгдүгээрт зөв хандлагтай хүн л энергижүүлдэг. Дараа нь байгаль хүнийг энергиэр тэтгэдэг. Одоо сайхан зун цаг ирж байна гол усан дээр, ногоон зүлэг дээр хөл нүцгэн алхаад хасаг энергиэ авчих хэрэгтэй. Мөн галаар энерги авна. Чулуугаар бас авна. Чулуу чинь амьд биет. Чулуундаа “Чи сайхан шүү, чи миний тийм газрыг эмчлээрэй. Чи надад тийм энерги өгөөрэй. Намайг хамгаалаарай” гэхээр тэр бүгдийг нь мэдэрч, биелүүлж байдаг. Жишээлбэл, гартааман чулуу байна. Хүн хөгшрөөд ирэхээрээ салга, мартамхай болдог доо. Тэрийг гартааман чулуу эмчилдэг. Эхнээс нь том, жижиг ч хамаагүй дэргэдээ гартааман чулуу тавиад байхаар тэр өвчлөлд өртөхгүй байх боломжтой. Тэгэхээр чулууны анагаах шид үнэн. Гэхдээ түүндээ чин сэтгэлээсээ итгэж, шившиж өгөх хэрэгтэй. Чулуу яг л устай адилхан.

-Тэгэхээр үгийн шид гэж нэг юм яваад байна аа даа. Үр хүүхдээ элдвээр хэлдэг, өөдтэй боддоггүй хүмүүс бол мууг л дуудаад байна гэсэн үг байх нь ээ?
-Монголчууд дээр үеэс хараалын үг хэрэглэдэггүй байсан. Энэ нь одооны энэ энерги, амьдралынх нь ноён нурууг хугалчихвий гэх эмээлттэй холбоотой байсан юм болов уу. Буруутгаж, зэмлэхдээ хүртэл далд утгатай ерөөлийн үгийг ашигласан байдаг гэх ч юм уу. Тэр ёсыг л бид мартмааргүй байгаа юм. Тэгэхээр одоогийн нийгмийн бүтцийг өөрчлөхийн тулд бүр багаас нь зааж бүтэн эргэлт хийж байж л өөрчлөлт ирнэ. Хамгийн гол нь үр хүүхэддээ сайн сайхан үг хэлдэг эцэг эхчүүд ауранд нь гоё энерги анхнаас нь суулгаад өгчихдөг байхгүй юу. Анхнаасаа бат бөх суусан тийм аура сэвтэхдээ гайгүй. Гэтэл энэ нөхөр яана даа, чи ёстой бүтэхгүй гэх мэт сөрөг энергийн зүйлстээ өссөн хүүхдийн энергийн давтамж доошилчихдог. Энергийн давтамж доошилсон хүн яг л тэр түвшнийхээ хүмүүстэй найзлаж нөхөрлөөд байдаг

-Сүүлийн үед хүмүүс савны хий гаргуулна гээд иймэрхүү энергийн төвүүдэд их очдог болж. Энэ хэр зөв юм бэ?
-Ер нь бол гаргуулаад дэмий л гэж боддог. Сүүлийн үед саун, душ гэх мэттэй холбоотойгоор дороосоо хэт халснаас болж, савных нь хий хөөрч байгаа тохиолдол их болсон. Түүнийг бол гаргуулахаас өөр аргагүй л байх. Ер нь дасгал хөдөлгөөнөөрөө л савны хийгээ гаргачихаж болно.

-Савны хийнээсээ болоод мэдрэлийн өөрчлөлттэй болсон хүмүүс олон байдаг. Түүнийг энергиэр нь засах боломж бий юу?
-Тухайн хүн хүлээж авах чадваргүй бол яах ч арга байхгүй. Тархи толгойны гажигийг арилгах маш хэцүү байдаг. 

-Ярилцсанд баярлалаа.

https://www.facebook.com/hiilenhiilen.huslen?epa=SEARCH_BOX


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү